Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг туршлагууд

Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг туршлагууд

Байгууллага бүр өөрсдийн гэсэн соёл, ажлын арга барил, онцлогтой. Гэвч ямар ч байгууллагын үйл ажиллагаа, амжилт тухайн компанид ажиллаж байгаа ажилчдын бүтээмжээс маш их хамаардаг. Ихэнх байгууллагын хувьд ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөшүүргийг цалин, урамшуулалтай холбохыг оролддог. KPI (гүйцэтгэлийн үнэлгээ) тооцох, илүү цагийн урамшуулал гэх мэт аргачлал нь хүнийг тодорхой хугацаанд л маш идэвхитэй, бүтээмжтэй ажиллахад нөлөөлдөг бөгөөд урт хугацааны үр дүнд хүргэдэггүй байна.

Их Британи улсын сэтгэл судлалын нийгэмлэгийн судлаачид бүтээмжийг тайлбарлахдаа: “Ур чадвартай боловч хандлага сөрөг үед олигтой бүтээмж гардаггүй, хандлага эерэг хэдий ч ур чадвараа ашиглахгүй бол мөн л бүтээмж тийм ч их дээрдэхгүй. Иймд ажилчдын ур чадварыг хөгжүүлэх мөн хандлагад нөлөөлөх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь хамгийн үр дүнтэй арга гэжээ”.

1. Ажилчиддаа дэмжлэг үзүүл

Ажилчид ямар чиглэлээр ур чадвараа дээшлүүлэхийг хүсч байгааг асуу. Ажлаа илүү сайн хийхэд ямар ур чадвар, мэдлэг эзэмших хэрэгтэй байгаагаар нь түүнийг дэмж. Ихэнх байгууллагын хувьд ажилчдыг сургах, хөгжүүлэх хөтөлбөр хэмээн шууд нийтээр нь сургалтанд хамруулдаг. Энэ нь үр дүнгүй гэж хэлэхгүй ч хүн сонирхож хүссэн зүйлдээ илүү дурладаг гэдгийг санаарай.

2. Ажиллах нөхцөл боломжоор ханга

Ажлын орчин гэрэл муутай, шуугиантай, сандал ширээ стандарт биш хэрэглэдэг тоног төхөөрөмж асуудалтай, компьютерт доголдол үүсэх нь ажилчдыг маш их стрессдүүлдэг. Иймээс тодорхой хугацааны мөчлөгтэй ажилчдаас ямар асуудал байгааг асуун боломжоороо сайжруулалт хийж байх нь маш сайн үр дүнтэй.

3. Эерэг зөв соёлыг хөгжүүлэх

Зарим байгууллагын хувьд яагаад ч юм ажлын цагтаа тарахыг хүлээн зөвшөөрөхгүй байх талтай байдаг. Илүү цагаар сууж, ажил дээрээ оройтдог хүн л ажилдаа хайртай, ажлын төлөө төрчихсөн юм хөөрхий гэж хэлүүлж цагтаа  гарсан нэгэн нь залхуу гэх тодотголыг авдаг гэдгийг нуух юуун. Гэвч энэ бол байгууллагын хамгийн буруу соёл. Энэ нь ажилчдыг ажлын цагаар сэлгүүцэж, бусдад саад болж, ажлын цагийн дараа суун ажлаа хийх хэвшлийг ажилчдад бий болгодог. Нэг ёсондоо хүний нүдийг хуурах нь ихэсч бүтээмжийг бууруулах болно. Харин эсрэгээрээ ажилчдыг ажлын цагаар ажлаа 100% амжуулах ёстой гэсэн соёлыг зөв дадал болгох хэрэгтэй.

4. Удирдлагууд үлгэр жишээч байх

Удирдлагууд үргэлж бусдын хараан доор байдаг гэж хэлж болно. Удирдагчид олон хүнийг удирдахын хэрээр тэдгээр хүмүүс бүгд өөрийнхөөрөө шүүн тунгааж байдаг. Иймээс гүйцэтгэх ажилчиддаа итгэл үнэмшил төрүүлэхүйц үлгэр жишээч байх хэрэгтэй. Өөрт ирж буй хүндлэлээ ажилчиддаа ч мөн өгөх хэрэгтэй. Ажилчид чин сэтгэлээсээ хүндлэл хүлээн авч байгаагаа мэдэрсэн үедээ компанийг амжилттай байлгахын төлөө илүү их ажилладаг.

Ангилалууд: Мэдээ, Мэдээлэл, Үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл

Мэдээлэл бэлтгэсэн Batzorig B